Thursday, January 28, 2016

Хужаа хөөргийг хэрхэн таних вэ?


Эд мэдэхгүй хүн эдийн нэр гутаана гэж ярьдагсан. Ах маань найздаа молор бөгж бэлэглэсэнд цаадах нь очиход архи авч өгсөнгүй гэж гомдолж байсан гэдэг. 

Лхагвасүрэн гуан нэг шүлгэнд
“Энэ газрынхан хогийн ургамал иддэг байх
Эсвэл би нутагтаа идэх юман дээр гишгэдэг байх” гэж бичсэн шиг зүйл бас нэлээд тохиолдоно.
Хүн бүх зүйлийг мэддэг байх албагүй ээ. Ялангуяа чулууны тухай мэддэг байх албагүй ч хүний хөдөлмөрт хүндэтгэлтэй хандана гэдэг бол өнөөдөр хүн төрлөхтний бүтээж байгаа хүмүүнлэгийн ухаан биз ээ.

За гол сэдэвтээ оръё.
Урд хөршийнхөн маань үнэхээр адтай золигууд юм. Монголд юм хийхээр илүү хямдхан илүү томыг оруулаад ирэхийн, ер нь юуг л бол юуг хальт мулт хийгээд оруулаад хямдхан өгчих юм. Монголын зах зээл жижиг болохоор ‘A copy’ хийдэг том гарууд бус тосгоны өрхийн үйлдвэрлэгчдийн эд Монголын хэрэгцээг хангана. Хөөрөгний зах зээлд мөн адил юм. Хөөрөгний үүсэл гарал ер нь бол нь бидэнтэй нэг тоонот болох Манжаас улбаатай л даа. Гэхдээ хужаа биш. Хужаа нар одоо л Монголчуудад зориулж чулуун хөөрөг хийж байгаа гэхэд хилсдэхгүй байх. Тэд энд ямар хөөрөг эрэлттэй байгааг андахгүй тэндээ хийнэ. Хамгийн түгээмэл нь одоо халтар мана, гартаам, сүүжин хөөрөг. Чулуу шил хоёрын голоор шахуу материал гаргаад түүгээр чүнчигноров хөөрөг хийнэ. Цэхэр цахиурыг уран зураг шиг халтар мана, гартаам болгоно. 

Эрээний зээлээс хямдхан хэлбэр хийц муутайг, жоохон цаашлаад өвөрмонголын аль нэг хотын чулууны захаас энд ирээд жоохон янзалбал хүн андуурах шахууг нь Монголчууд өөрсдөө оруулж ирээд нарантуул дээр үнэнээ хэлдэг нь, дэлгүүр лангуун дээр улаа цайм худлаа хэлдэг хэсэг нь зарна. Тиймээс л хужаа хөөргийг таних аргуудыг олон нийтэд хуваалцах шаардлага байна. Чулуу сонирхдог олон хүний багш болсон Т.Төгөлдөр гуай чулуу, хуурамч чулууг танихад геологичийн мэргэжил эзэмших хэрэгтэй болно доо гэж хэлсэн байсан. Чулууны хатуулаг, тоосны өнгө, нягт, гэрлийн чанар гээд олон туршилтаар эрдсийг таньдаг тиймээс ч бид хүний зарж хэдэн төгрөг болгох гэж байгаа юмыг буталж хэмхэлж чадахгүй болохоор хийсэн хөөргийг шинжиж сурах хэрэгтэй болно.

Хужаа хөөргийг таних шинжүүд:
№1 Чулууны ерөнхий байдал
Дээр хэлсэнчлэн халтар мана, гартаам, болор, чүнчигноров хөөрөг ихээр урдаас орж ирнэ. Цахиур бол нь дэлхий дээрх түгээмэл эрдэсийн нэг мөн дээрээс нь хятад оронд ч мана болон манын төрлийн силикат чулуулаг ихтэйг заавал тэмдэглэж хэлэх хэрэгтэй байх.
Хятад халтар манууд яг Монголчуудад зориулсан бидний дотно өнгө болох шаргал, бор, хонгор, улаавтар өнгөн дээр хар толбууд битүү шахуу орсон байдаг. Монгол халтар манууд ихэвчлэн тунгалаг мана дээр ихэвчлэн халтар нь нэг талдаа орсон байдаг. Учир нь халтар толбо нь манын халж урсахдаа үүсгэсэн хөндий зайн хана болон чулууны хоорондох хялгасан зай завсрыг хар, бор тортгоор будсан байх нь элбэг байдагтай холбоотой. Эндээс эртний гэж нэрлэгддэг халтар манан хөргүүдийн чулууны уг гарал Монгол байх нь бас эргэлзээ төрүүлнэ. За энэ тухай өөр нэг сэдэв болгож бичнэ.
Хятад сүүжин хөөргийг шилээр цутгаж хийдэг тул цутгасан ул мөрөөр нь таньж болно.
Тод бор, хар дээр гартаам судал оруулж их хийнэ. Тиймэрхүү хөөрөг гэрэл үл нэвтрүүлэх тул тэр шинжээр нь таньж болдог. Нэг тийм хужаа хөөргийг хагалж үзэхэд цайвар шаазан гэмээр зүйлийг нэлээд гүн будсан байсан.
Хужаа чүнчигноровууд ихэвчлэн шаазан гэмээр зүйл байдаг учир гялга нь тод биш байдаг.

№2 Хэлбэр
Тэгш хэмийн алдаа элбэг байдаг. Монгол авчраад гол засдаг зүйл бол тэгш хэм. Мөн Монгол хөөрөгний харьцаа бандгар, палбигар байхад хужаа хөөрөг дандаа босоо талдаа, шовгордуу байдаг. Хөөрөгний янз бүрийн дэг хэмжээснүүд байх авч хүн бүрийн хийч өөр байх нь зүйн хэрэг байх. Гэхдээ олон Монгол хөөрөг дунд нэг хужаа хөөрөг тавиад харвал дээл өмссөн европ хүн шиг л харагддаг.

№3 Хүзүү
Хужаа хөөрөгний хүзүү дандаа хэт, эсвэл арай нарийхан байдаг. Хүзүүний тойрог яг тэгш дугуй байх нь бас ховор. Хүзүү нарийхны дээр дэндүү өндөр байдаг.

№4 Гуурс
Хужаа хөөргийг таних хамгийн найдвартай энгийн арга бол гуурс богино, эсвэл гуурсгүй байх явдал юм. Гуурс гэдэг нь хөөрөгний амнаас доош байх цилиндер амсарыг хэлж байгаа хэрэг юм. Монгол хөөрөгний гуурс хүзүүний өндөртэй ойролцоо байдаг нь хөөрөг ухах технологитой нь холбоотой юм.
Сүүлийн үеийн хужаа хөөрөг хийдэг өвөрлөгч нөхдүүд Монгол багштай болж байгаатай холбоотой ч юм уу гуурс дээр онцгой анхаарсан хөргүүд бас харагдах болжээ.

№4 Өнгөлгөө
Хятадад чулууны зах зээл маш сайн хөгжсөн. Тэрэнтэй холбоотойгоор чулууг өнгөлөх олон аргыг бид хужаа нараас л сурч хөөрөг өнгөлөх хэдэн цагийн ажил болсон. Хэдэн жилийн өмнөхөн нэг хөөргийг 7 хоног өнгөлдөг байж билээ.
Хятад хөөрөгний өнгөлгөө маш сайн гоё гялалзана гэхдээ олон хөөрөг нэг доор бөөндөж хийдэг нөхдүүд хойно. Хүзүү биеийн хоорондын хувил, ёроолын хувил зэргийг ихэвчлэн дутуу өнгөлсөн байдаг.

№5 Мөр буюу бад
Хөөрөгний билэгдэл гэдэг post дээрээс мөрний муу ёрын талаар уншаарай. Хужаа нар бадыг ёстой л нэг халтуурдаад хяна. Энд тэнд нь нэг хоёр угалз дугуйнууд магадгүй мөрийг зарим хүмүүс ‘юухан хийхэн’ гэж нэрлэдэг нь ч хужаагын бадтай холбоотой байх.

№6 Ёроол буюу суурь
Ёроолын дотор талын ухлаадас тэгш хэмгүй, өнгөлгөө дутуу байна.

№7 Ухалт
Ам нь том, гуурсгүй хөөргүүдийг нэлээд хөнгөхөн ухсан байх боловч ханын зузаан нь энд тэндээ адилгүй байна. Ихэвчлэн доод талдаа хэт нимгэн, дээгүүрээ зузаан байна.

№8 Дотор засалт
Хөөрөг ухах технологи нь амарчилсан цаг бага ашиглах үүднээс өрмөөр шулуухан шулуухан өрөмдөж ухах тул дотор тал нь овгор товгор байна. Зарим тунгалаг хөөрөгний өрөмний ул мөр нь зурган дээрээс тархи мана шиг харагдана.

№9 Дотор өнгөлгөө
Дотор өнгөлгөөг ихэвчлэн лак гэмээр химийн бодисоор хийнэ. Тэр үнэргүй боловч харахад хэд гялтганаж харагдах тул танихад хялбар. Мөн дотор засалт хийгээгүй шууд өнгөлгөөний бодисоо хийх тул дотор тал нь хээтэй мэт харагдана. Халбагаар тэмтэрч үзвэл овгор товгор байна.

№10 Үнэ
Үнэ нь мэдээж нэлээд боломжийн байна. Гэхдээ эсэргээрээ ч байж таныг итгүүлэхийг оролдож мэднэ.
Харин та одоо мэдлэгтэй болсон хойно шинжээд үзэх хэрэгтэй. Мөн хөөрөгний талаар олон зүйл мэддэг хүмүүс сэтгэгдэл нэмэж энэ эхийг баяжуулна гэж найдаж байна.

Хөөрөг хэрэглэгчдийн ангилал


Маркетингийн ухаанд хэрэглэгчдийг ерөнхийд нь амарчилж 4 ангилдаг онол байдаг. 1. Хуучинсаг хэрэглэгч 2. Ганган хэрэглэгч 3. Залхуу хэрэглэгч 4. Ухаалаг хэрэглэгч. Мэдээж хөөрөгний зах зээлд энэ ангиллыг ашиглаж болно. 


Хуучинсаг хэрэглэгч:
Хөөрөг бол заавал манай өвөөгийнх шиг байх ёстой гэж үзнэ. Өвөөгийн хөөрөг ямар байгаагаас хамаараад тэрхүү хэрэглэгчдийн бүтээгдэхүүнд хандах хандлага тогтоно. Ихэвчлэн хөөрөг мөртэй байх ёстой гэнэ. Мөрийг чинь одоо муу билэгдэлтэй гээд байхын гэвэл өөдөөс ямар ч логик бус тайлбарыг шүлстэйгээ хамт үсэргэнэ. Халтар маныг бараг чулууны дээд гэнэ яагаад тэгдэг юм бол гэвэл нэг уран зохиолчийн дууны үгийг л хэлнэ. Хуучинсаг хэрэглэгчид ихэвчлэн өвгөн настай хөөрөгтэй байх боловч ямар нэгэн байдлаар хөөргөө гээсэн, үрсэн тохиолдолд өвөөгийнхөө хөөрөгтэй төстэй хужаа хөөрөг ихэвчлэн барина. Хөөрөг дотор хийсэн тамхи голдуу хэдэн арван жилийн өмнө хадгалах хугацаа дууссан шар тамхи байна. (Хамрын тамхинд хадгалах хугацаа мөн байдаг. Одоо хийж байгаа жинхэнэ Энэтхэг тамхийг 1 жил хадгалах хугацаатай) Энэ төрлийн хэрэглэгчид үнэндээ хөөрөгний талаар сайн мэдэхгүй ч өөр өөрийн ойлголт дээр үндэслэсэн хатуу байр суурьтай байдаг.

Ганган хэрэглэгч:
Хүмүүс юу сонирхож байгааг их сонирхоно. Үнэтэй харагдах, өнгөлөг харагдах хөөргийг барихыг хичээнэ. Хаш, халтар, тариат үнэндээ хэнд хэрэгтэй, юунд тустай мэдэхгүй ч ийм хөөрөг л гоё гэнэ. Бас тэгээд байгалийн жинхэнэ чулуу юу үгүй юу хамаагүй л гэнэ. Байгалийн чулуу өнгө муутай будсан чулуунууд илүү өнгөлөг сайхан юм. Ер нь сайхан зурагтай л байх хэрэгтэй биз дээ гэнэ. Гадаадын аль нэг газраас авчирсан аль болох хол газраас онгоцоор авчирсан чулуу, эртний гэгдэх second hand хөөрөгнүүд ярих юм ихтэй гээд бас чухалчилна. Ийм төрлийн хэрэглэгчийн сэтгэл зүйн гол өдөөгч бол ердөө нийгмийн статус куог (чухал хүн болж харагдах) олж авах байдаг. Хөөрөгний хэлбэр, мөр зэрэг нь донжтой л харагдах хэрэгтэй бусад билэгдэл, дэг хамаагүй санагдана. Өөрийн гарын хэмжээ бага байсан ч том гарын хөөрөг л гэнэ. Тэр нь тэгээд гарт нь багтаж ядаад бас ч сүртэй ч юм шиг харагдана. Улаан толгойг заавалд тооцно. Нуухыг алтны уусмалд дүрсэн, гуравхан кратт ч болтугай алтаар л гялайлгасан бол болоо. Боломж нь байвал нөлөө бүхий нөхдүүд одоо ном бүүр биш, уран зураг моданаас гарсан хөөрөг цуглуулдаг болж гээд хөөрөг цуглуулна. Цуглуулгынхаа дарж зургийг энд тэнд үзүүлж сэтгэлийн жаргал эдэлнэ. Энэ төрлийн хэрэглэгчдийн хөөрөгний талаарх ойлголт эрээвэр хураавар байх ба нэлээд хувирамтгай байна.

Залхуу хэрэглэгч:
Хөөрөг бол тамхи хийдэг сав төдий зүйл. Цагаан сараар нэг гар хоосон байхгүй л бол болоо гэнэ. Сонгож авах, олж авахад амар ихэвчлэн хужаа голдуу хөөрөг барина. Өөрөө хөөрөг барих боловч хөөрөг барьж байгаа ялангуяа томдуу хөөрөгтэй байхыг хийрхэл гэнэ. Хүн бүр хөөрөгтэй байхыг туйлшрал гэнэ. Хөөрөгний үнийг харин утгагүй зүйл гэнэ. Энэ төрлийн хэрэглэгч үнэндээ бүтээгдэхүүнд хандах хандлага бараг байхгүйтэй адил хандлага тогтлоо гэхэд сөрөг шинжтэй л байна.

Ухаалаг хэрэглэгч:
Хөөрөг, чулууны талаар нэлээд мэдээлэлтэй. Барих хөөргөө баярхах бус хэрэглэж өөрөөрөө овоглож үр хүүхдэдээ үлдээхийг чухалчилна. Худалдан авах зан төлөв нь судалгаанаас эхэлнэ. Орд, жил, билэгдэл, орц найрлаг, үүсэл гарал гээд нэлээд зүйлийг бас бодно. Өөрт зөвхөн өнгө нь таалагдсанг бус энерги эрчим нь зохицолтойг сонгоно. Зарим нь хөөргийг хөрөнгө оруулалт гээд ирээдүйн үнэ цэнийг ч тооцож магад. Гоё ганган гадаад чулуунаас илүү цэхэр ч гэсэн цэвэр тунгалаг Монгол чулууг чухалчилна. Хөөрөгний хэлбэр хийцийг нямбай шинжиж үзнэ. Хужаа хөөрөг, хужаа гаралтай чулууг нэг нүдээрээ ч харахгүй. Хөөргөө авдар, шүүгээндээ хадгалахаас илүү байнга гаргаж энерги эрчмийг нь хэрэглэнэ. Түүнийгээ ч итгэл төгс хийнэ. Хэрхэн энергижүүлэх, цэвэрлэхээ бас мэдэх нь олон. Шамбал орохдоо ч халааслаад явж харагдана. Цуглуулах хоббитой бол төрөлжүүлж, коллекц хэлбэрээр хийнэ. Энэ төрлийн хэрэглэгчид зах зээлд олшрох тусам тухайн зах зээлийн ирээдүй улам бөх болдог учиртай. Тиймээс зах зээлд нийлүүлэлт хийж байгаа талууд хэрэглэгчдийгээ манлайлж зөвхөн бүтээгдэхүүн бус мэдээлэл, хандлага, соёл нийлүүлэхийн учир ийм байдаг.

Хөөрөг сонгохдоо зурхайн ордоо харвал


Хонины орд
Гартаам, бриллиант, ягаан болор, анар, хар мана, муурын нүд, чүнчигноров, барын нүд, бүх төрлийн улаан чулуунууд.

Үхэр
Гартаам, оюу, шүр, хаш, хас, барын нүд, муурын нүд, манаболон бүх төрлийн тунгалаг цагаан чулуунууд.

Ихэр
Гартаам, анар, маргад, индранил, барын нүд, молор, болор, цитрин, хас, бусад цагаан чулуунууд.

Мэлхий
Ундрам, гартаам, усан биндэръя, анар, сувд, маргад, саран чулуу, шүр, барын нүд,усан манаболон бусад тунгалаг чулуунууд.

Арслан
Бриллиант, анар, хар мана, бадмаараг, молор, хув, хас, болон бүх төрлийн шар чулуунууд.

Охин
Гартаам, пийсүү, маргад, муурын нүд, хаш, ногоолин, индранил, чүнчигноров, молор, болор, цитрин, хас.

Жинлүүр
Бриллиант, индранил, усан биндэръя, сувд, шүр, саран чулуу, ногоолин, гэрэлтчимэд, барын нүд, шонхорын нүд, халтмар, хас.

Хилэнц
Гартаам, бриллиант, ундрам, ягаан болор, анар, саран чулуу, тана, ногоолин, чүнчигноровболон бүх төрлийн цэнхэр чулуунууд.

Нум
Гартаам, шонхорын нүд, бриллианд, ягаан болор, оюу, пийсүү, бадмаараг, гэрэлт чимэд, барын нүд, чүнчигноровболон бүх төрлийн ногоон чулуунууд.

Матар
Гартаам, ягаан болор, анар, хар мана, муурын нүд, саран чулуу, номин, хар молор, барын нүд, халтмар, болор болон бүх төрийн бараан чулуунууд.

Хумх
Гартаам,ягаан болор, номин, анар, гэрэлтчимэд, шонхорын нүд, индранил.

Загас
Усан биндэръя, хувилгаан эрдэнэ, ягаан болор, сувд, саран чулуу, индранил, хас, муурын нүд, шонхорын нүд болон бүх төрлийн гэгээлэг өнгийн чулуунууд.