Thursday, January 28, 2016

Хөөрөг хэрэглэгчдийн ангилал


Маркетингийн ухаанд хэрэглэгчдийг ерөнхийд нь амарчилж 4 ангилдаг онол байдаг. 1. Хуучинсаг хэрэглэгч 2. Ганган хэрэглэгч 3. Залхуу хэрэглэгч 4. Ухаалаг хэрэглэгч. Мэдээж хөөрөгний зах зээлд энэ ангиллыг ашиглаж болно. 


Хуучинсаг хэрэглэгч:
Хөөрөг бол заавал манай өвөөгийнх шиг байх ёстой гэж үзнэ. Өвөөгийн хөөрөг ямар байгаагаас хамаараад тэрхүү хэрэглэгчдийн бүтээгдэхүүнд хандах хандлага тогтоно. Ихэвчлэн хөөрөг мөртэй байх ёстой гэнэ. Мөрийг чинь одоо муу билэгдэлтэй гээд байхын гэвэл өөдөөс ямар ч логик бус тайлбарыг шүлстэйгээ хамт үсэргэнэ. Халтар маныг бараг чулууны дээд гэнэ яагаад тэгдэг юм бол гэвэл нэг уран зохиолчийн дууны үгийг л хэлнэ. Хуучинсаг хэрэглэгчид ихэвчлэн өвгөн настай хөөрөгтэй байх боловч ямар нэгэн байдлаар хөөргөө гээсэн, үрсэн тохиолдолд өвөөгийнхөө хөөрөгтэй төстэй хужаа хөөрөг ихэвчлэн барина. Хөөрөг дотор хийсэн тамхи голдуу хэдэн арван жилийн өмнө хадгалах хугацаа дууссан шар тамхи байна. (Хамрын тамхинд хадгалах хугацаа мөн байдаг. Одоо хийж байгаа жинхэнэ Энэтхэг тамхийг 1 жил хадгалах хугацаатай) Энэ төрлийн хэрэглэгчид үнэндээ хөөрөгний талаар сайн мэдэхгүй ч өөр өөрийн ойлголт дээр үндэслэсэн хатуу байр суурьтай байдаг.

Ганган хэрэглэгч:
Хүмүүс юу сонирхож байгааг их сонирхоно. Үнэтэй харагдах, өнгөлөг харагдах хөөргийг барихыг хичээнэ. Хаш, халтар, тариат үнэндээ хэнд хэрэгтэй, юунд тустай мэдэхгүй ч ийм хөөрөг л гоё гэнэ. Бас тэгээд байгалийн жинхэнэ чулуу юу үгүй юу хамаагүй л гэнэ. Байгалийн чулуу өнгө муутай будсан чулуунууд илүү өнгөлөг сайхан юм. Ер нь сайхан зурагтай л байх хэрэгтэй биз дээ гэнэ. Гадаадын аль нэг газраас авчирсан аль болох хол газраас онгоцоор авчирсан чулуу, эртний гэгдэх second hand хөөрөгнүүд ярих юм ихтэй гээд бас чухалчилна. Ийм төрлийн хэрэглэгчийн сэтгэл зүйн гол өдөөгч бол ердөө нийгмийн статус куог (чухал хүн болж харагдах) олж авах байдаг. Хөөрөгний хэлбэр, мөр зэрэг нь донжтой л харагдах хэрэгтэй бусад билэгдэл, дэг хамаагүй санагдана. Өөрийн гарын хэмжээ бага байсан ч том гарын хөөрөг л гэнэ. Тэр нь тэгээд гарт нь багтаж ядаад бас ч сүртэй ч юм шиг харагдана. Улаан толгойг заавалд тооцно. Нуухыг алтны уусмалд дүрсэн, гуравхан кратт ч болтугай алтаар л гялайлгасан бол болоо. Боломж нь байвал нөлөө бүхий нөхдүүд одоо ном бүүр биш, уран зураг моданаас гарсан хөөрөг цуглуулдаг болж гээд хөөрөг цуглуулна. Цуглуулгынхаа дарж зургийг энд тэнд үзүүлж сэтгэлийн жаргал эдэлнэ. Энэ төрлийн хэрэглэгчдийн хөөрөгний талаарх ойлголт эрээвэр хураавар байх ба нэлээд хувирамтгай байна.

Залхуу хэрэглэгч:
Хөөрөг бол тамхи хийдэг сав төдий зүйл. Цагаан сараар нэг гар хоосон байхгүй л бол болоо гэнэ. Сонгож авах, олж авахад амар ихэвчлэн хужаа голдуу хөөрөг барина. Өөрөө хөөрөг барих боловч хөөрөг барьж байгаа ялангуяа томдуу хөөрөгтэй байхыг хийрхэл гэнэ. Хүн бүр хөөрөгтэй байхыг туйлшрал гэнэ. Хөөрөгний үнийг харин утгагүй зүйл гэнэ. Энэ төрлийн хэрэглэгч үнэндээ бүтээгдэхүүнд хандах хандлага бараг байхгүйтэй адил хандлага тогтлоо гэхэд сөрөг шинжтэй л байна.

Ухаалаг хэрэглэгч:
Хөөрөг, чулууны талаар нэлээд мэдээлэлтэй. Барих хөөргөө баярхах бус хэрэглэж өөрөөрөө овоглож үр хүүхдэдээ үлдээхийг чухалчилна. Худалдан авах зан төлөв нь судалгаанаас эхэлнэ. Орд, жил, билэгдэл, орц найрлаг, үүсэл гарал гээд нэлээд зүйлийг бас бодно. Өөрт зөвхөн өнгө нь таалагдсанг бус энерги эрчим нь зохицолтойг сонгоно. Зарим нь хөөргийг хөрөнгө оруулалт гээд ирээдүйн үнэ цэнийг ч тооцож магад. Гоё ганган гадаад чулуунаас илүү цэхэр ч гэсэн цэвэр тунгалаг Монгол чулууг чухалчилна. Хөөрөгний хэлбэр хийцийг нямбай шинжиж үзнэ. Хужаа хөөрөг, хужаа гаралтай чулууг нэг нүдээрээ ч харахгүй. Хөөргөө авдар, шүүгээндээ хадгалахаас илүү байнга гаргаж энерги эрчмийг нь хэрэглэнэ. Түүнийгээ ч итгэл төгс хийнэ. Хэрхэн энергижүүлэх, цэвэрлэхээ бас мэдэх нь олон. Шамбал орохдоо ч халааслаад явж харагдана. Цуглуулах хоббитой бол төрөлжүүлж, коллекц хэлбэрээр хийнэ. Энэ төрлийн хэрэглэгчид зах зээлд олшрох тусам тухайн зах зээлийн ирээдүй улам бөх болдог учиртай. Тиймээс зах зээлд нийлүүлэлт хийж байгаа талууд хэрэглэгчдийгээ манлайлж зөвхөн бүтээгдэхүүн бус мэдээлэл, хандлага, соёл нийлүүлэхийн учир ийм байдаг.

No comments:

Post a Comment